Гамшгаас хамгаалах улсын албад, гамшгаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллага, орон нутгийн засаг захиргааны төлөөлөл, ОБЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд, Төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар, урьдчилан сэргийлэх ажилтнуудын “Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны шинэчлэл”  улсын зөвлөгөөнийг 06 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд ОБЕГ-аас зохион явуулж байна.

 

Улсын зөвлөгөөний нээлтэд Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж оролцож үг хэллээ.

            Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлийг тогтоох, хамтын ажиллагаагөргөжүүлэх, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй уг зөвлөгөөн, сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчид 120 гаруй албан хаагчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагаандаа хийх шинэчлэлийн талаар хэлэлцэж байгаа юм.

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Ард түмэн-Та ХААН” хөтөлбөрийн хүрээнд эрүүл аюулгүй амьдрах таатай орчин нөхцлийг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж Монгол хүний аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал үүрэг бүхий Онцгой байдлын албаны албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд энэ зөвлөгөөний ач холбогдол оршиж байна.  

 2012 онд аюулт үзэгдэл, ослын 4040 тохиолдол бүртгэгдэж 100 хүн гэмтэж бэртэн, 237 хүн амь насаа алдаж, 13017 толгой мал хорогдож, 2155 гэр, орон сууц шатаж, 94,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Онцгой байдлын байгууллага 685 хүний амь нас, 25,7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг гамшгаас авран хамгаалсан байна.